Уэльст амралтын байр түрээслүүлдэг Лиза Клюс гэх хүн зочдоо явсны дараа байшиндаа ирээд ихэд цочирджээ. Зочид шилэн аяга хагалж, ундааны лааз шалан дээр хаяж, хоолтой сав суулгаа ширээн дээр эмх замбараагүй үлдээсэн байв.
“Үнэхээр итгэмээргүй байсан. Хэрэв тэр өдөр өөр захиалга авсан бол цуцлах эсвэл зочдыг хүлээн авах цагаа хойшлуулах хэрэгтэй болох байлаа” гэж Клюс ярьжээ.

Клюс цэвэрлэгээний хураамж авдаг бөгөөд энэ нь цэвэрлэгчийн зардлын 75% орчмыг нөхдөг аж. Тэрээр зочдоос хөргөгчийг хоослох, хогийг саванд хийх, аяга тавгаа угаагч машинд хийхийг хүсдэг байна.
Харин “Airbnb”-ийн шинэ журмаар эзэд зочдоос аяга таваг угааж хураах, орны даавуу хуулах, хогийг байрлах газраас зайлуулах зэрэг цэвэрлэгчийн хийдэг ажлыг шаардах боломжгүй болно. Шинэ журам 11 дүгээр сарын 20-ноос дэлхий даяар хийгдэх захиалгад үйлчилнэ. Эзэд байрны стандарт 7 дүрэм тогтоож, бусад “үндэслэлтэй” шаардлага тавьж болно.
Клюсийн 3 унтлагын өрөөтэй байрыг дараагийн зочинд бэлтгэхэд цэвэрлэгчид ихэвчлэн 4 цаг зарцуулдаг. Зочид илүү их хог, бохирдол үлдээвэл цэвэрлэгч нэмж хөлслөх хэрэг гарч, эцэст нь нэмэлт зардлыг зочдод шилжүүлж магадгүй гэж тэр болгоомжилж байна.

Харин Жессика Ньюхук зэрэг зочид өөрчлөлтийг сайшаажээ. Ньюхук 11 хүнтэй гэр бүлийн уулзалтад зориулан Флоридад байр түрээслэхдээ 250 долларын (187 фунт) цэвэрлэгээний хураамж төлсөн ч алчуур угааж эвхэх, орны даавуу, гал тогоог цэвэрлэх, шал шүүрдэж угаах шаардлагатай болсон гэнэ.
“Бүх зүйлд дүрэмтэй, огт амарч чадаагүй” гэж Ньюхук ярив. Түүний хэлснээр олон дүрэм, өсөж буй цэвэрлэгээний төлбөрөөс болж түрээсийн байрны давуу тал буурч, зочид буудал хямд тусах хэмжээнд хүрчээ.
Глазго хотын цэвэрлэгээний компанийн эзэн, 46 настай Крисси Фоскетт ч мөн Стаффордад байрлахдаа 35 фунтын цэвэрлэгээний хураамж төлсөн атлаа орны даавууг хуулж, угаалгын машин ажиллуулж, хогоо хол зөөх шаардлагатай болжээ. Мэргэжлийн цэвэрлэгээ бол байр түрээслүүлэх бизнесийн зардал гэж Фоскетт үзэж байна.

Харин Хойд Йоркширт амралтын байр ажиллуулдаг Энтони Марш шинэ журмын улмаас “Airbnb”-д бүртгэлтэй байрныхаа тоог 5-аас 2 болгож цөөрүүлжээ. Түүний компани нийт 12 байртай бөгөөд цэвэрлэгээний хураамж авдаггүй. Илүү их бохирдол гарвал цөөн цэвэрлэгч дараагийн зочин ирэхээс өмнө амжихгүй гэж Марш санаа зовж байна.
“AirROI”-ийн мэдээллээр “Airbnb”-д бүртгэлтэй байрны 63.2% нь цэвэрлэгээний хураамж авдаг бөгөөд дундаж төлбөр нь 55 фунт аж. Өнгөрсөн жил платформын шимтгэл нэмэгдсэний дараа олон эзэн шууд захиалга авахын тулд өөрийн цахим хуудас, олон нийтийн сүлжээнд хөрөнгө оруулж байна.
Харин байр түрээслүүлж, бусдын байрыг удирддаг Мэтт Прос шинэ журам зочдын туршлагыг сайжруулна гэж үзэв. Зочид, эзэд бие биедээ үнэлгээ өгдөг тул аль аль нь бусдад хүндэтгэлтэй хандахыг эрмэлзэнэ гэж Прос хэлжээ.
Эх сурвалж: BBC




