Холливудын хувцасны дизайнерууд аймшгийн киноны дүрийг бүтээдэг

Холливудын хувцасны дизайнерууд аймшгийн киноны дүрийг бүтээдэг

Хэллоуины баяр ойртож буй энэ үед аймшгийн киноны мартагдашгүй дүрүүдийг бүтээхэд хувцасны дизайнерууд ямар үүрэг гүйцэтгэснийг эргэн харъя. Дэлгэцийн бүтээлийн хувцас гэхээр тансаг даашинз, түүхэн хувцас санаанд ордог ч аймшгийн киноны хувцас ч мөн адил гайхшруулдаг.

Сайн аймшгийн кинонд хөгжим, тусгай эффектээс гадна хувцас маш чухал. Гоустфэйс, Майкл Майерс зэрэг цуврал алуурчны дүр, хоккейн багтай Жейсон, судалтай цамц өмсөж, хуруундаа хутга зүүсэн Фредди Крюгерийн төрхийг дизайнерууд бүтээжээ.

Киноны хувцас, баг бэлдэж буй дизайнер

“Obsession” киноны хувцасны дизайнер Блэр Жеймс айдас төрүүлэхийн тулд хувцасны хэлбэрт ихээхэн анхаарчээ. Тэрбээр “Дүр харанхуйд байх эсвэл зөвхөн бараа нь харагдах мөчүүдэд биеийн байгалийн хэлбэрийг өөрчлөн харагдуулах том хувцас, даавууг сонгосон” гэж хэлсэн байна.

Сүүлийн үеийн аймшгийн киноны дүрүүд санаанд оромгүй төрхтэй болсон. “Weapons” киноны Глэдис бүсгүйн хувцсыг Триш Саммервилл зохиожээ. Духны үсийг нь маш богино тайрсан улаан хиймэл үс, том нүдний шил, нялсан улаан уруулын будаг нь түүнийг жихүүдэс хүрэм харагдуулдаг.

Харин “Obsession” киноны Никки энгийн, залуу үеийнхний хувцастай. Дизайнер дүрүүдийг өдөр тутам тааралдаж болох хүмүүс шиг харагдуулахыг зорьжээ.

Киноны хувцас, баг бэлдэж буй дизайнер

Харин аймшгийн киноны сонгодог дүрүүдийн нэг бол “Scream” цувралын Гоустфэйс. Анхны бүтээл 1996 онд гарахад дизайнер Синтия Бергстром Эдвард Мункийн “Хашхираан” зургаас санаа авчээ. Тэр цагаан хувцас туршсан ч сүнс шиг харагдсан тул хар нөмрөг сонгосон байна.

“American Psycho” кинонд жүжигчин Кристиан Бэйлийн бүтээсэн бизнесмэн Патрик Бэйтман өдрийн цагаар 80-аад оны ганган костюм өмсдөг ч шөнө нь хохирогчдоо агнадаг. Киноны дизайнер Айсис Массенден тус киноны 25 жилийн ойн үеэр “Тэр төгс харагдах ёстой байсан” гэжээ.

Мөн 2019 оны “Midsommar” киноны Шведийн урсгалынхан өнгөлөг цэцгэн толгойн гоёл, даашинз өмсдөг. Тэдний төрхөөс амиа хорлох зан үйлд оролцож, гэмгүй аялагчдыг ангуучилдаг гэж таахааргүй.

Муу ёрын дүрээс зугтан амьд үлддэг эмэгтэйчүүдийн хувцас ч мөн мартагдашгүй. “The Birds” киноны Типпи Хедрений хослол, “Scream” киноны Нив Кэмпбеллийн жинсэн хувцас зэрэг нь Хэллоуины үдэшлэгт одоо ч харагддаг.

“Scream” киноны эхэнд алагддаг Дрю Бэрриморын дүрд Бергстром зузаан цамц, жинсэн өмд сонгожээ. “Гэртээ попкорн хийж байхдаа өмсөхөөр, энгийн хувцас байлгахыг хүссэн” гэж дизайнер хэлсэн байна. Энэ нь үзэгчдэд дүрийн оронд өөрийгөө төсөөлөхөд тусалдаг.

Аймшгийн киног томоохон шагнал гардуулах ёслолууд удаан хугацаанд үл тоомсорлож ирсэн ч “The Substance”, “Parasite” зэрэг бүтээлийн ачаар хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Энэ төрлийн киноны дизайнерууд зохиолд нийцсэн, бодитой хувцас бүтээхээс гадна үзэгчдийг айлгах санаа олох хэрэгтэй болдог.

Эх сурвалж: Vogue

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.