“UFC“-гийн домогт тулаанч Махачев: “Дараагийн тулаан миний замналын сүүлчийн тулаануудын нэг болно“

Холимог тулааны тамирчин торон дэвжээнд

Жингийн ангилал харгалзахгүй дэлхийн чансааг тэргүүлж буй Ислам Махачев холимог тулааны замналаа өндөрлүүлэхэд ойртож байгаагаа мэдэгджээ.

Махачев баасан гарагт олон нийтийн сүлжээнд бичихдээ, “UFC”-гийн хагас дунд жингийн аварга цолоо хамгаалах дараагийн тулаан нь сүүлчийн тулаануудынх нь нэг болно гэв. Замналдаа 29-1 амжилттай тэрээр Карлос Пратес, Майкл Моралес нарын 2027 оны 1 дүгээр сарын 30-нд Торонтод болох түр аваргын төлөөх тулааны ялагчтай тулалдах төлөвтэй байна.

Өдгөө 35 настай Махачев энэ оны 2 болон 3 дугаар сарын эхээр лалын шашинтнуудын Рамадан сарыг тэмдэглээд, 2027 оны 2 дугаар улиралд эргэн ирэхээр төлөвлөжээ.

Махачев “X” сүлжээнд “Миний дараагийн тулаан замналын минь сүүлчийн тулаануудын нэг. Пратесийг надад хэтэрхий аюултай, Моралесыг надаас хэтэрхий сайн гэдэг. Тиймээс би тэр хоёрын шилдэгтэй нь тулалдаж, дэлхийн хамгийн шилдэг нь хэн болохыг дахин харуулахыг хүсэж байна” гэж бичжээ.

“UFC”-гийн гүйцэтгэх захирал Дана Уайт энэ сарын эхээр Махачевыг 2027 оны 1 дүгээр сарын 30-нд цолоо хамгаалахаар төлөвлөж байсан ч түр аваргын төлөөх тулааны ялагчийг хүлээхээр шийдсэн гэж мэдэгдсэн юм. Махачев аваргын төлөө тулалдах жинхэнэ тэргүүн өрсөлдөгчийг тодруулахыг хүсэж байгаагаа хэлжээ.

Холимог тулааны тамирчин торон дэвжээнд

Махачев Оросын “pound4padel” хэвлэлд “Надад Пратестай тулалдах санал тавьсан. Тэр саяхан миний ялж байсан Иан Мачадо Гаррид ялагдсан. Хэрэв би Пратесийг ялбал Моралес тулалдалгүй хүлээсээр дараагийн өрсөлдөгч болно. Тэднийг эхлээд хооронд нь тулалдуулж, жинхэнэ өрсөлдөгчийг тодруулцгаая” гэж ярьсан байна.

Ялагдалгүй домогт тамирчин Хабиб Нурмагомедовын багийн анд, шавь Махачев өмнө нь замналаа дуусгах талаар дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Хөнгөн жингийн аварга асан тэрээр 2025 оны 11 дүгээр сард Жек Делла Маддаленаг ялж, хагас дунд жингийн аваргын бүсийг хүртжээ.

Махачев 8 дугаар сард Мачадо Гарритай тулалдаж, аварга цолоо анх удаа хамгаалсан нь түүний дараалсан 17 дахь ялалт болов. Энэ нь “UFC”-гийн түүхэн дэх хамгийн урт ялалтын цуврал юм.

Махачев 2022 оны 10 дугаар сард “UFC” 280 тэмцээнд Чарльз Оливейраг өчих мэхээр ялж, анхны аварга цол болох хөнгөн жингийн бүсийг хүртэж байв.

Эх сурвалж: ESPN

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.