Элвис Преслигийн хөгжмийн бүтээлүүд болон дүр төрхтэй холбоотой эрхийг эзэмшдэг “Authentic Brands Group” компани хиймэл оюуны “Anthropic” компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус компани “Anthropic” нь Преслигийн 274 дууг зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуны загвараа сургахад ашигласан гэж буруутгасан байна. Эдгээр дуунд “Can’t Help Falling in Love”, “All Shook Up”, “A Little Less Conversation” зэрэг алдартай бүтээл багтжээ.
Нэхэмжлэгч тал дуу тус бүрд 150,000 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр шаардаж байгаа бөгөөд нийт дүн нь ойролцоогоор 41 сая ам.долларт хүрчээ. Нэхэмжлэлийг аравдугаар сарын 23-нд гаргасан бөгөөд энэ хэрэг нь хиймэл оюуны хөгжүүлэгч компанийн эсрэг хөгжмийн уран бүтээлчийн эрхийг төлөөлөн гаргасан анхаарал татахуйц маргаануудын нэг болж байна.

Хиймэл оюуны загварууд их хэмжээний хөгжим, бичлэг болон бусад мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тэдгээрээс хэв маяг, бүтцийн онцлогийг сурдаг. Гэвч ийм сургалтад зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж болох эсэх нь маргаантай хэвээр байна. Уран бүтээлчид өөрсдийн дуу хоолой, хөгжмийг зөвшөөрөлгүй ашиглах нь эрх ашгийг нь зөрчихөөс гадна хүний бүтээсэн уран бүтээлийг хиймэл оюунаар орлуулах эрсдэлтэй гэж болгоомжилдог.
Хэрэв шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргавал хиймэл оюуны компаниуд хөгжмийн бүтээлийг сургалтын өгөгдөл болгон ашиглахдаа ямар шаардлага хангах ёстой талаар цаашдын маргаан, шийдвэрт нөлөөлөх боломжтой. Гэхдээ одоогоор Anthropic компанийг буруутай гэж шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
Эх сурвалж: The Guardian




