Эрдэмтэд эртний Ромын шил урлалын хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг болох Ликургийн аяганы өнгө хувирдаг онцлогийг лабораторид дахин гарган авчээ. Ойролцоогоор 1,600 жилийн өмнө бүтээгдсэн уг аяга гэрэл тусах байрлалаас хамааран өнгөө өөрчилдөг. Энгийн гэрэлд хаш ногоон өнгөтэй харагддаг бол гэрлийг араас нь нэвт тусгахад бадмаараг улаан өнгөтэй болдог. Энэхүү үзэгдэл олон зууны турш судлаачдын сонирхлыг татсаар иржээ.
Их Британийн Шеффилдийн их сургуулийн судлаачид эртний шилний найрлага, үйлдвэрлэлийн аргыг судалж, алт болон мөнгөний маш жижиг нано хэсгүүдийг шилэнд оруулснаар ижил төстэй оптик үзэгдэл үүсгэж чадсан байна. Шилийг 1,000 хэмээс дээш температурт хайлуулж, хөргөх явцад эдгээр металл хэсгүүдийн жижиг талстууд үүсдэг аж.

Эдгээр нано хэсэг гэрэлтэй харилцан үйлчлэхдээ өнгөнүүдийг өөр өөрөөр шингээж, сарниулдаг. Гэрэл шилээр нэвтрэх үед хөх, ногоон өнгөний хэсгийг хааж, улаан болон улбар шар туяаг илүү сайн нэвтрүүлдэг тул аяга улаан харагдана. Харин гадаргуугаас ойсон гэрэл сарних үед ногоон өнгө давамгайлан ажиглагддаг байна.
Энэхүү туршилт нь эртний Ромын урчуудын шил хийх ур чадварыг илүү сайн ойлгоход тусалж байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар шилний өнгө нь зуухны температур болон үйлдвэрлэлийн нөхцөлөөс ихээхэн хамаарч байсан тул хүссэн өнгийг гаргах нь амаргүй байжээ.

Ликургийн аяган дээр усан үзмийн ороонгоор ороогдсон хаан Ликург болон дарсны бурхан Дионисийн домгийг дүрсэлсэн байдаг. Ногоон, улаан өнгө нь усан үзэм боловсрох үйл явцыг бэлгэдэж байсан байж болзошгүй гэсэн таамаг ч бий.
Шеффилдийн их сургуулийн захиалгаар бүтээсэн орчин үеийн шилэн урлагийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 6–15-нд үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөсөн бөгөөд дараа нь Шилэн урлалын Тернерийн музейд байршуулах аж.
Эх сурвалж: The Guardian



