Би утсаа ширээн дээр нүүрээр нь доош харуулж тавьдаг болоод гурван сар болж байна.
Өмнө нь би тэгдэггүй байсан. Утас маань гал тогооны тавцан дээр, хөргөгчний хажууд, хүүгийн маань гэрийн даалгаврын дэвтэр дээр хаа сайгүй хэвтдэж байдаг байлаа. Хэн ч авч харж болно. Эхэндээ харах ч зүйл байгаагүй. Ажлын групп, ангийн эцэг эхчүүдийн групп, ээжийн маань өглөө бүр илгээдэг цэцгийн зурагтай «Өглөөний мэнд».
Одоо утас маань үргэлж нүүрээрээ доошоо хардаг болсон. Дуугүй горимд. Халаасанд минь эсвэл дэрний минь доор.
Шөнийн арван нэгэн цаг дөчин минут. Нөхөр маань хажууд минь унтаж байна. Тэр өнөөдөр уурхайгаас ирсэн. Арван дөрвөн хоногийн ээлжийн дараа гэртээ ирэх өдөр нь тэр үргэлж эрт унтдаг. Шүршүүрт ороод, хоол идээд, зурагт асаагаад, буйдан дээр унтчихна. Би түүнийг сэрээж, орон дээр шилжүүлнэ. Тэр нүдээ анин хэвтээд «Хүү юу хийж байна?» гэж асуугаад дахиад унтчихна.
Дэрний минь доор утас нэг удаа чичирлээ.
Би мэдэж байна, хэнээс ирснийг. Би түүнийг одоо уншихгүй. Нөхөр маань хажууд байхад уншихгүй. Энэ бол миний өөртөө тогтоосон дүрэм. Ийм дүрэм тогтоох шаардлагатай болсон гэдэг нь өөрөө юуг илтгэж байгааг би бодохгүй байхыг хичээдэг.
Бид гэрлээд арван дөрвөн жил болж байна.
Нөхөр маань говийн нэг уурхайд арван жил ажиллаж байна. Арван дөрөв хоног тэнд, арван дөрөв хоног энд. Хотын зүүн хэсгийн арван хоёр давхар байрны энэ гурван өрөө, хүүгийн маань хувийн сургуулийн төлбөр, миний жолоодож явдаг машин бүгд тэр арван дөрвөн хоногуудаар бий болсон. Би үүнийг мэднэ. Түүнд талархдаг. Үнэхээр их…
Гэхдээ би арван жилийн турш сар бүрийн хагасыг ганцаараа өнгөрөөсөн. Хүү маань шөнө халуурахад ганцаараа. Сургуулийн цуглаанд ганцаараа. Шинэ жилийн үдэшлэгт ч ганцаараа. Нөхрийнхөө ах дүүсийн найр наадамд «Ах нь ээлжиндээ байгаа» гэж хэлээд ганцаараа л очно. Тэгээд нөгөө арван дөрвөн хоногт нөхөр маань гэртээ байхад ч би ганцаараа байгаа юм шиг санагддаг болсон.
Тэр муу хүн биш. Би үүнийг хүмүүст хэлэх, өөртөө хэлэх хэрэгтэй болсон. Тэр архи уудаггүй. Надад огт гар хүрдэггүй. Цалингаа бүтнээр нь миний картанд шилжүүлдэг. Хүүтэйгээ хөл бөмбөг тоглоно. Машинаа засна. Ээж дээрээ очиж хашааг нь янзална.
Харин тэр надаас «Чи яаж байна?» гэж асуухаа больсон. Хэзээ больсныг би санахгүй байна. Магадгүй уурхайд ажиллаж эхэлсэн тэр жил байх. Хүү төрсний дараа ч юм болов уу. Магадгүй тэр хэзээ ч асуудаггүй байсан, би л анзаараагүй.
Бидний ярианы ихэнх нь одоо иймэрхүү:
«Төлбөр төлсөн үү?»
«Төлсөн.»
«Ээж залгасан уу?»
«Залгасан.»
«Машины дугуй солиулах хэрэгтэй.»
«За.»
Хавар ангийнхан маань төгссөний хорин жилийн ой хийхээр болсон.
Явах уу, үгүй юу гэж би удаан бодсон. Нөхөр маань тэр долоо хоногт ээлжиндээ байсан. Хүүг ээж дээрээ үлдээж болно. Нэг орой гараад ирэхэд юу болох юм бэ.
Ресторанд ороход хорин жилийн өмнөх хүмүүс таргалсан, халзарсан, хуучин нүүрнийхээ ард өөр хүн болсон байв. Хүн бүр утсандаа хүүхдийнхээ зураг хадгалж явдаг болж, хүн бүр зээлийнхээ тухай ярина.
Тэгтэл гэнэт л хаанаас ч юм тэр гараад ирсэн.
Аравдугаар ангид надад захиа бичдэг байсан хүү. Би тэр захиануудыг хэзээ ч хариулаагүй. Түүнд надаас өөр хүн илүү зохино гэж бодож байсан, эсвэл юу ч бодоогүй байх. Бид арван зургаахан настай байсан юм чинь.
Тэр одоо дөчин дөрөвтэй, нэг барилгын компанийн инженер, гэр бүлтэй, гурван хүүхэдтэй. Үүнийг тэр хамгийн түрүүнд хэлсэн. Нуугаагүй.
Орой уулзалт дуусахад тэр намайг машиндаа суулгаж гэрт минь хүргэж өгсөн. Замдаа бид хуучин багш нарын тухай, ангийн сонгуулийн тухай, нэг охины уйлж байсан тухай ярьж инээсэн. Би сүүлийн хэдэн жилд ингэж инээгээгүй гэдгээ машинаас буухдаа л ойлгосон.
«Чи огт өөрчлөгдөөгүй байна» гэж тэр хэлсэн.
Энэ бол худлаа. Би өөрчлөгдсөн. Би үүнийг мэднэ. Гэхдээ би тэр худлыг удаан, хэдэн өдөр, хэдэн долоо хоног дотроо эргүүлж байсан.
Эхэндээ зүгээр л мессеж байсан.
Ангийн группээс нэг зураг. «Энэ зураг дээр чиний үс ямар урт байсан бэ». Тэгээд нэг онигоо. Тэгээд нэг дуу. «Энэ дууг сонсоод чамайг санав».
Би өөртөө «Энэ зүгээр л яриа» гэж хэлсэн. Би ямар ч буруу юм хийгээгүй. Хоёр хуучин ангийхан нэг нэгнийхээ амьдралын тухай ярьж байна. Хүмүүс ингэдэг.
Гэвч бид эхнэр, нөхрийнхөө тухай ярихаа болиод долоо хоног болсныг би анзаарсан. Бид зөвхөн өөрсдийнхөө тухай ярьдаг болсон. Миний юу мэдэрч байгаа тухай. Түүний ажлын стрессийн тухай. Миний хэзээ ч хэнд ч хэлж байгаагүй зүйлсийн тухай. Тэр асуудаг байсан. «Өнөөдөр яасан бэ? Ядраагүй биз дээ? Чи өөрөө юу хүсэж байна?»
Би өөрөө яг юу хүсэж байна…
Арван дөрвөн жилд хэн ч надаас үүнийг асуугаагүй байсан.
Анхны кофе. Тэр ажлынхаа ойролцоо гэсэн. Би ажлаасаа үдийн цайны цагаар гарсан. Нэг цаг. Ердөө л кофе. Хоёр дахь удаа нэг цаг хагас. Гурав дахь удаа тэр намайг машиндаа суулгаад хотын захаар, зам дагуу явсан. Яагаад гэдгийг хэн маань ч асуугаагүй.
Хэрээс хэтэрсэн шөнийг би санаж байна. Нөхөр маань ээлжиндээ байсан, хүү ээж дээр минь хоносон. Энэ тухай бодох дуртай биш. Учир нь тэр шөнө би айсангүй, гэмшсэнгүй. Тэр шөнө би өөрийгөө түүнд хүсэгдэж байна гэж мэдэрсэн. Гэмшил минь нэг долоо хоногийн дараа, нөхөр маань гэртээ ирж, ширээний ард суугаад «Энэ мах сайн болжээ» гэж хэлэхэд ирсэн.
Та төлбөрөө төлснөөр үргэлжлэлийг бүрэн эхээр нь унших боломжтой.Төлбөртэй мэдээлэл




