Майкрософт хэдэн мянган ажилтнаа цомхотгохоо зарласны дараа ашиг нь огцом өсөв

Майкрософт хэдэн мянган ажилтнаа цомхотгохоо зарласны дараа ашиг нь огцом өсөв

Технологийн аварга Майкрософтын 9 дүгээр сарын эцсээр дууссан гурван сарын ашиг 36.6 тэрбум доллар (27.5 тэрбум фунт стерлинг)-оос давсан талаар компани мэдээлэв. Энэ нь ажиллах хүчнийхээ дөрөвний нэгээс илүүг цомхотгох төлөвлөгөөгөө зарласнаас хойш хэдхэн хоногийн дараа тохиож байна.

Даваа гарагт “Windows” үйлдлийн системийг хөгжүүлэгч тус компани зардлаа танахын тулд ойролцоогоор 60,000 ажилтанд сайн дураар нөхөн олговор авч ажлаасаа гарах санал тавина гэж мэдэгдсэн. Майкрософт хиймэл оюун ухаан “AI”-д хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж буй энэ үед ийм алхам хийж байна.

Бусад олон том технологийн компанийн адил Майкрософт “AI”-г ажиллуулах дэд бүтцэд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч ийм их зарлага урт хугацаанд үр ашгаа өгөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Лхагва гарагт Нью-Йоркт хаалтын дараах арилжаанд Майкрософтын хувьцааны ханш бараг 2.9%-иар өсөв.

Майкрософт хэдэн мянган ажилтнаа цомхотгохоо зарласны дараа ашиг нь огцом өсөв

Сүүлийн үед технологийн компаниудын санхүүгийн үр дүнг хөрөнгө оруулагчид нягт ажиглаж, хиймэл оюун ухаанд чиглэсэн их хэмжээний зарлага тогтвортой байж чадах эсэхийг хэмжиж байна. “Амазон”, “Мета”, “Алфабет” зэрэг томоохон компаниуд энэ онд “AI” чип, дата төв зэрэг дэд бүтцэд 700 тэрбум гаруй доллар зарцуулах төлөвтэй байна.

Майкрософт лхагва гарагт мэдээлснээр улирлын орлого 92.3 тэрбум долларт хүрч, нэг жилийн өмнөхөөс 19%-иар өсжээ. Үүнд үүлэн тооцооллын бизнесийн хүчтэй өсөлт голлон нөлөөлсөн байна. Компанийн ашгийн өсөлтөд аж ахуйн нэгжүүдэд зориулсан технологийн үйлчилгээний цогц платформ болох “Microsoft Cloud”-ын орлого 30%-иар нэмэгдсэн нь онцгой нөлөө үзүүлжээ.

Хиймэл оюун ухаанд хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалт нь санхүүгийн байдалд нөлөөлж болзошгүй тодорхойгүй байдал, эрсдэл дагуулж байгааг компани мөн анхааруулсан. Компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла хиймэл оюун ухааны хөгжүүлэлт нь технологийн хэрэглээг нэмэгдүүлж, “бүх салбарт бодит үр нөлөө” авчирч байна гэж онцлов.

Майкрософт хэдэн мянган ажилтнаа цомхотгохоо зарласны дараа ашиг нь огцом өсөв

Энэ долоо хоногт компани Канад, Энэтхэг, Их Британи, АНУ-ын багуудад ажиллаж буй шалгуур хангасан ажилтнуудад сайн дураар нөхөн олговор авч ажлаасаа гарах саналыг өргөтгөн хүргэнэ гэж зарласан. Ингэснээр ажиллах хүчээ “өөрчлөгдөж буй хэрэгцээнд” нийцүүлэх зорилготой гэж тайлбарлав. Ийм алхам нь компанид илүү уян хатан байдал бий болгож, ажлаас гарахыг хүссэн ажилтнуудыг санхүүгийн дэмжлэг, цаашдын ажил мэргэжлийн төлөвлөлтөд нь туслах нөөцөөр хангах боломж олгоно гэж Майкрософт мэдэгдэв.

Одоогоор Майкрософт дэлхий даяар 220,000 гаруй хүн ажиллуулж байна.

Майкрософтын хүлээлтээс давсан ашгийн үзүүлэлт нь “Гүүгл”-ийн эзэмшигч “Алфабет” компанийн тайлантай эрс ялгарлаа. Лхагва гарагт “Алфабет” санхүүгийн тайлангаа танилцуулж, хөрөнгө оруулагчдыг гонсойлгосон юм.

Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад Алфабетын улирлын цэвэр ашиг 25%-иар буурсан, мөн цаашид ч “AI”-д ихээхэн зардал гаргасаар байх болно хэмээн мэдээлсний дараа “Алфабет”-ын хувьцааны ханш 9.75%-иар уналаа.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны хариулт?
Tagged:

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.