АНУ-ын цэргийн хүчин Японы Окинава арал дахь Кадена агаарын цэргийн баазад Хятадын BYD компанийн автомашинуудыг нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдээлжээ. Хориг нь хувийн автомашин, такси болон хүргэлтийн зориулалттай тээврийн хэрэгсэлд ч хамаарах аж.
АНУ-ын тал эдгээр автомашинд ашиглагддаг камер, мэдрэгч, GPS зэрэг системүүд нь эмзэг мэдээлэл цуглуулах, дамжуулах эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзсэн байна. Гэхдээ нийтлэлд тодорхой нэг халдлага, аюулгүй байдлын зөрчил гарсан тухай нотолгоо танилцуулаагүй бөгөөд хоригийн үндэслэл нь болзошгүй эрсдэлтэй холбоотой байна.

Кадена бол Зүүн Азийн стратегийн чухал цэргийн баазуудын нэг. Тиймээс тэнд нэвтрэх автомашин, электрон төхөөрөмжийн аюулгүй байдал нь цэргийн ажиллагааны мэдээллийг хамгаалах асуудалтай холбогдож байгаа юм.
Энэ шийдвэр нь Хятадын технологи ашигласан бүтээгдэхүүнүүдийг цэргийн байгууламж болон төрийн байгууллагуудад ашиглахад тавих хяналт цаашид чангарах боломжтойг харуулж байна.
Гол санаа: Цахилгаан автомашины өрсөлдөөн зөвхөн үнэ, зайны багтаамж, цэнэглэх хурдны асуудал биш болжээ. Камер, мэдрэгч, холболтын системээр дамжин мэдээлэл хэрхэн цугларч, ашиглагдах нь үндэсний аюулгүй байдлын асуудал болж байна.
Эх сурвалж: The Guardian



