Хэн нэгэн танд сэтгэлтэй эсэхийг хэрхэн мэдэх вэ? Тэр хүн зүгээр л тантай цагийг өнгөрүүлэх дуртай юу, эсвэл үнэхээр татагдаж байна уу? Болзож үзсэн хүн бүр мессежийн хариу, инээд, харц бүрийн цаана ямар утга байгааг таах нь заримдаа хэчнээн хэцүүг мэднэ.
Гэвч хүний сэтгэл татагдлыг зөвхөн хэлсэн үг, харцнаас нь бус, өөрөө ч анзааралгүй гаргаж буй биеийн хөдөлгөөнөөс нь мэдэж болох юм. Канадын Макмастерын их сургуулийн судлаачид хүмүүсийн биеийн үл ялиг ганхах хөдөлгөөн хоорондоо хэрхэн уялддагийг судлах явцдаа ийм сонирхолтой холбоог илрүүлжээ.
Хүний бие өөрөө анзааралгүй дохио өгдөг.
Биеийн ганхах хөдөлгөөн гэж юу вэ?
Хүн хөдөлгөөнгүй зогсож байгаа мэт харагдсан ч бие нь маш бага хэмжээгээр үргэлж хөдөлж байдаг. Хөл, их бие, үе мөч болон дотоод чих хамтран ажиллаж, тэнцвэрийг хадгалдаг энэхүү үл ялиг хөдөлгөөнийг шинжлэх ухаанд body sway гэж нэрлэдэг.
Макмастерын их сургуулийн LIVELab судалгааны баг анх хүмүүс хамтран энгийн даалгавар гүйцэтгэх үед тэдний хөдөлгөөн хэрхэн уялддагийг судалж байжээ. Судалгааны явцад хүмүүсийн хоорондын сэтгэл татагдал энэ уялдаанд нөлөөлдөг эсэхийг шалгахаар болсон байна.
Дөрвөн минутын болзооны туршилт
Судлаачид хурдны болзооны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж, оролцогч бүрт өөр хүнтэй дөрвөн минутын турш ярилцах боломж олгожээ.
Туршилтын үеэр оролцогчид хөдөлгөөн мэдрэх тусгай тэмдэглэгээ зүүсэн бөгөөд хэт улаан туяаны камерууд тэдний биеийн өчүүхэн хөдөлгөөнийг хүртэл бүртгэж авсан байна. Уулзалт дууссаны дараа оролцогчдоос тухайн хүнтэй урт хугацааны харилцаа үүсгэх сонирхолтой байсан эсэхийг асуужээ.
Үр дүн нь сонирхолтой байв. Биеийн ганхах хөдөлгөөн нь хоорондоо илүү уялдсан хосууд урт хугацааны харилцаа үүсгэх сонирхол хамгийн өндөр байгааг харуулсан байна. Судлаачид энэ холбоог зөвхөн бие махбодын болон бэлгийн татагдлаар тайлбарлаж болох эсэхийг мөн тооцож үзсэн бөгөөд хөдөлгөөний уялдаа нь эдгээр хүчин зүйлээс гадна нэмэлт мэдээлэл өгч байжээ.

Хөдөлгөөн ижилсэх нь харилцан ойлголцлын шинж байж болох уу?
Судалгааны ахлах судлаач Эндрю Чанг болон түүний багийнхны үзэж буйгаар, хоёр хүний хөдөлгөөн ижил хэмнэлд орох нь тэдний харилцаа хэр зэрэг эвтэйхэн, байгалийн байдлаар өрнөж байгааг илтгэж болох юм.
Жишээлбэл, хоёр хүн ярилцахдаа биеэ үл ялиг урагшлуулах, тэнцвэрээ өөрчлөх, хөдөлгөөнөө ижил хэмнэлд оруулах зэрэг нь тэдний харилцан анхаарал, тухтай байдлын нэг хэсэг байж болно. Гэхдээ эдгээр хөдөлгөөн нь заавал романтик сонирхол гэсэн үг биш. Харилцааны нөхцөл байдал болон тухайн хүний онцлог ч нөлөөлж болно.

Тэгвэл хэн нэгэн танд татагдаж байгааг ингэж мэдэж болох уу?
Энд нэг чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Судлаачид хүний биеийн хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай төхөөрөмжөөр хэмжсэн болохоос ширээний ард сууж буй хүний хөдөлгөөнийг нүдээр ажиглаад сэтгэлийг нь шууд таних арга тогтоогоогүй юм.
Тиймээс хэн нэгэнтэй ярилцахдаа түүний хөл, биеийн хөдөлгөөнийг ажиглаад танд дурласан гэж дүгнэх нь буруу. Харин хоёр хүний хоорондын харилцаа эвтэйхэн өрнөх, бие биедээ анхааралтай хандах, харилцан ойлголцох зэрэг олон шинжийг хамтад нь авч үзэх нь илүү бодитой.
Энэ судалгааны хамгийн сонирхолтой санаа нь хүмүүсийн хоорондын холбоо зөвхөн үг, харц, илэрхий үйлдлээр хэмжигдэхгүй байж болох явдал юм. Заримдаа бид өөрсдөө ч анзааралгүй гаргадаг хөдөлгөөн харилцааны уур амьсгалын талаар нэмэлт мэдээлэл өгч чадна.
Эх сурвалж: UPworthy



