Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд бүх зүйл амар хялбар болж, хиймэл оюун ухааны ачаар олон зүйлсийг илүү өндөр түвшинд хэрэглэж чадах болсон. Эдгээрийн нэг бол яахын аргагүй гар утас. Холыг ойртуулж, хоёрыг учруулахын зэрэгцээ бидэнд өдөр тутмын мэдээлэл олгож, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхэд ч тусалдаг. Харин энэхүү эдэнд дурлаж шунаж, хамт биш бол амьдарч чадахгүйд хүрсэн хүмүүс ч олон.
Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдээ чимээгүй болгох гэж, өөрсдийн амрыг бодож утсаа өгөөд суулгачихдаг. Гэхдээ энэ нь тэдний эрүүл мэндэд хэчнээн их хор хөнөөл учруулж байдгийг та мэдэх үү? Би ч энэ тухай мэддэггүй байсан. Сүүлд мэдээд утсаа хүүхдэдээ өгөх нь бүү хэл, аль болох хол байлгахыг хичээх болсон.
Ингээд та бүхэндээ гар утас хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байдаг тухай мэдээллийг хүргэе.
Хортой цацраг идэвхит бодис
2011 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Олон Улсын Хавдар Судлалын Шинжлэх Ухааны Академи нь гар утасны радио болон бусад утасгүй төхөөрөмжүүдийг хорт хавдар үүсгэх боломжтой эсэхийг нягталж үзээд, 2Б бүлэгт (“хавдар үүсгэх магадлалтай”) багтаасан байна. Харин хүүхдүүдийн тухайд тархи болон дархлааны систем нь хөгжлийн шатандаа яваа учир төрөл бүрийн сөрөг нөлөөнд илүү мэдрэмтгий ханддаг. Нэг ёсондоо энэхүү хорт цацраг идэвхит бодис нь хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй сөргөөр нөлөөлнө гэсэн үг юм.
Хүүхдийн хэл ярианы хөгжилд үзүүлэх нөлөө

Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой. Гэтэл үүний оронд өдөрт хэдэн цагаар зурагт үзсэн, гар утас оролдсон хүүхэд хүний яриаг сонсохоос эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Үүний нэг жишээ нь сүүлийн үед эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш нар хүүхдийн ярианы хөгжилд саатал гарч буй талаар ярих болсон юм. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд ийм зүйл ажиглагдах болжээ. Бусадтай бага харилцаж, ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг талтай юм.
Бие бялдрын хөгжил муудна

1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэж та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойрог ихэсдэг байна. Түүнчлэн өдөрт хэдэн цагийг зурагт, компьютерийнхаа урд өнгөрөөдөг хүүхэд нуруу нугасны өвчтэй болдог.
Нэгэн сонирхолтой судалгааг хүргэхэд. Калифорнийн их сургуулийн судлаачдын хийсэн шинэ судалгаагаар хүүхдүүд ухаалаг төхөөрөмжөөр хэт их тогловол архаг ядаргаанд орж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхойлох чадваргүй болдгийг тогтоов.Тодруулбал эрдэмтэд хэсэг хугацаанд хүүхдүүдээс ухаалаг төхөөрөмжийг нь хураан авахад ямар үр дүнд хүргэхийг судалжээ. Америкийн нэгэн сургуулийн зургаадугаар ангийн сурагчдыг хоёр бүлэг хуваасан байна. 51 хүүхдээс бүрдэх нэг баг Лос-Анжелосоос холгүй байрлах лагерьт тав хоногийг ямар ч утас, электрон төхөөрөмжгүй өнгөрөөжээ. Харин нөгөө бүлгийн 54 хүүхэд ухаалаг төхөөрөмжөө үргэлжлүүлэн ашиглаж байсан юм.
Судалгааны эхэнд болон төгсгөлд хоёр бүлэг зураг, бичлэгүүдээр дамжуулан бусдын сэтгэл хөдлөлийг таних тест бөглөсөн юм. Судлаачид хүүхдүүдэд аз жаргал, гуниг гутрал, уур хилэн, айдас зэрэг янз бүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн 48 зураг үзүүлж, хүүхдүүдийн үзэл бодлыг хуваалцав.
Эцэст нь ямар ч ухаалаг төхөөрөмж хэрэглээгүй бүлгийн хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг таних нь сайжирсан нь анзаарагджээ. Судалгааны өмнөх тестээр 14 хувийн буруу хариулт өгсөн эдгээр хүүхдүүдийн тав хоногийн дараах үзүүлэлт 9 хувь хүртэл буурсан юм. Харин ухаалаг төхөөрөмж хэрэглэсэн хүүхдүүдэд ямар ч өөрчлөлт гараагүй байна.
Хараа муудах

Олон цагийн турш дэлгэц ширтэх нь хүүхдийн нүдний торлог бүрхэвчийг гэмтээж, харааг муутгах аюултай. Шинжээчдийн үзэж буйгаар бага насны хүүхдийн хараа зургаан сарын дотор маш амархан мууддаг бөгөөд харин нөхөн сэргээхэд хэдэн арван жил шаардлагатай.




