Сингапурын Үндэсний их сургуулийн судлаачид энгийн даавуу мэт харагдах материалыг мэдрэгчтэй дэлгэц болгон ашиглах арга бүтээжээ.
Энэхүү технологи нь дэлгэцийг хувцсанд суулгасан бус, даавууг өөрийг нь дэлгэц болгосноороо онцлог юм.
Ингэж нэхсэн даавуу видео тоглуулах, мэдэгдэл харуулах, биеийн температурыг хэмжих, хүрэхэд хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Үүнд даралт мэдэрдэг, жижиг гэрэл ялгаруулах диод, цахилгаан холболт бүхий тусгай электрон утас ашиглажээ. Утас бүр ойролцоогоор 1 мм зузаан, 10 метр урттай.

Судлаачид туршилтаар хувцасны ханцуйны шуу хэсэгт ийм 54 утас нэхсэн бөгөөд тус бүр нь 96 диодтой. Ингэснээр 168 × 105 мм хэмжээтэй, 96 × 54 пикселийн нягтаршилтай дэлгэц бүтээжээ. Дэлгэц секундэд 30 кадр харуулж, 8 битийн өнгөний гүнтэй.
Нягтаршил нь өнөөгийн жишгээр бага ч дүрс, хөдөлгөөнт зураг, энгийн график интерфейс харуулах чадвартай. Судлаачид мөн микрофон, чанга яригч, хэд хэдэн мэдрэгчийг хувцасны уян утсанд оруулжээ. Энэхүү судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.
Уян хуванцар утас доторх диод бүр өөр өнгөөр асах нэг пикселийн үүрэг гүйцэтгэнэ. Нарийн утсаар цахилгаан нийлүүлэхийн зэрэгцээ ямар дүрс харуулах зааврыг дамжуулдаг.

Судлаачид жижиг диодуудыг эгнүүлэн байрлуулж, тусгаарлагчтай нарийн зэс утас холбохдоо лазер ашиглан шаардлагатай хэсгийн бүрхүүлийг авчээ. Дараа нь гагнуураар холбосноор 5,000 гаруй электрон чипийг 20,000 гаруй цахилгаан холболтоор нэгтгэсэн байна.
Уг хэсгийг халааж зөөлрүүлсэн полимер материал дундуур оруулан сунгаж, нарийн утас болгожээ. Ингэснээр электрон эд ангийг тунгалаг, уян материалаар бүрж, диодын доор мэдрэгчийн давхарга байрлуулсан байна.
Ханцуйнд суурилуулсан мэдрэгчүүд хөдөлгөөн, чиглэл, биеийн температур болон орчны гэрлийг хэмжинэ. Тэдгээрийн тусламжтай дэлгэцийн гэрлийг автоматаар тохируулах, дүрсийг эргүүлэх, дуу хоолойн командыг хүлээн авах, дуутай видео тоглуулах боломжтой.

Уян дэлгэц, ухаалаг хувцас өмнө нь бүтээгдэж байсан ч хувцасны өөрийнх нь утсаар программчлагдах мэдрэгчтэй график дэлгэц хийсэн анхны тохиолдол энэ юм. Электрон даавууг угаалгын машинаар 50 удаа угааж, 1000 удаа нугалахад дэлгэц болон мэдрэгчийн ажиллагаа дорвитой муудаагүй аж.
Цаашид ийм хувцсаар мэдэгдэл, замын заавар харах, эрүүл мэндийн үзүүлэлтээ хянах боломжтой гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн тамирчдын гүйцэтгэлийг хянах, үйлдвэрийн ажилтнуудад аюулгүй ажиллагааны анхааруулга өгөхөд ашиглаж болох юм.
Гэхдээ 1 мм зузаантай утас харьцангуй бүдүүн, дэлгэцийн нягтаршил бага хэвээр. Судлаачид илүү жижиг эд анги, нарийн утас бүтээж, мэдрэгчийг сайжруулахын зэрэгцээ хиймэл оюун ухааныг хувцсанд нэгтгэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: New Atlas




