Тоёота болон Уэймо компаниуд 2027 оноос Японд жолоочгүй такси туршихаар болжээ. Туршилтад Тоёотагийн цахилгаан “bZ4X” загварыг ашиглах бөгөөд Уэймогийн автомат жолоодлогын төхөөрөмжийг үйлдвэрт угсрах явцад нь суурилуулна.
Тоёотагийн технологи хариуцсан захирлын хэлснээр эхний ээлжид цөөн автомашин турших аж. Харин туршилт явуулах газар, автомашины тоог компаниуд хараахан зарлаагүй байна.

Туршилтыг Японоос эхлүүлнэ
Уэймо АНУ-ын хэд хэдэн хотод жолоочгүй такси үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа бөгөөд Лондон, Токио хотуудад Ягуар “I-Pace” автомашиныг туршиж байна. Тоёотатай хамтарсан хөтөлбөр нь замын хөдөлгөөний баруун гарын дүрэмтэй зах зээлд зориулан төхөөрөмжийг үйлдвэрт нь суурилуулах анхны төсөл юм.
Эхний туршилтыг Японд хийсний дараа Их Британи болон Уэймо үйлчилгээ үзүүлдэг бусад улсад нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ хугацааг нь тогтоогоогүй байна. Мөн зорчигчид хэзээнээс төлбөртэй үйлчлүүлэх нь тодорхойгүй байна.

Тоёота жолоочгүй таксины ажлаа хувь хэрэглэгчдэд зориулсан хөгжүүлэлтээс тусад нь авч үзэж байна. Тус компани автомашин, замын дэд бүтцийн хооронд мэдээлэл солилцох технологи болон жолоочид туслах бусад системийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг үргэлжлүүлэн судална гэжээ.
Төхөөрөмжийг Такаока үйлдвэрт суурилуулна
Тоёота жолоочгүй “bZ4X” автомашиныг Тоёота хотын Такаока үйлдвэрт үйлдвэрлэж, Уэймогийн мэдрэгч, тооцоолох төхөөрөмжийг энгийн цахилгаан загвартайгаа нэг шугамд угсарна. Тус үйлдвэр шинэчилсэн “bZ4X” загварыг хэдийн үйлдвэрлэж байгаа юм.
Төхөөрөмжийг үйлдвэрт суурилуулснаар чанарын хяналтыг хялбарчилж, бэлэн автомашиныг дараа нь тохируулах нэмэлт ажлыг багасгах боломжтой. Харин Тоёота, Уэймо хамтын ажиллагааны санхүүгийн нөхцөл, үйлдвэрлэлийн зорилтот тоо хэмжээ, тусгай хүчин чадал хуваарилах эсэхээ мэдээлээгүй байна.
Эх сурвалж: Motor1



