Сүүлийн 3 жилд зүүдэлж байгаагаа ухамсарласан тохиолдол санаанд нь үлдээгүй хүмүүс 1 сарын турш долоо хоногт 2 удаа шинэ аргаар дадлага хийсний дараа уг чадварт суралцсан гэж мэдрэл судлаачид мэдээлжээ.
Зүүдээ ухамсарлаж буй хүн зүүдэлж байгаагаа мэддэг бөгөөд заримдаа зүүднийхээ явцад нөлөөлж чаддаг. Хар дардаг хүмүүс энэ чадварынхаа тусламжтайгаар зүүдээ эерэг болгож, зүүдээ илүү хянаж байгаагаа мэдэрч болно гэж судалгаанд оролцоогүй, Нортвестерн их сургуулийн мэдрэл судлаач Даниел Моррис тайлбарлав.

9 дүгээр сарын 28-нд “Frontiers in Psychology” сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаанаас өмнө эрдэмтэд бясалгал, бодит байдлаа шалгах зэрэг аргыг туршиж байжээ. Сүүлийн арга нь сэрүүн үедээ хачирхалтай зүйл харвал бодит эсэх, эсвэл зүүдэлж буй эсэхээ өөрөөсөө асуухад суурилдаг.
Ингэж дадвал зүүдэндээ ч мөн асуулт тавина гэж үздэг. Гэвч өдөр тутмын амьдрал зүүд шиг санагдах нь ховор тул энэ арга тогтмол үр дүнд хүрдэггүй гэж Моррис хэлэв. Иймээс судлаачид хачирхалтай үйл явдлыг виртуал орчинд бүтээжээ.
Италийн Трентогийн их сургуулийн баг оюутнуудаар эхлээд тухайн мөчид юу бодож байгаагаа илүү анзаарахад чиглэсэн бясалгал хийлгэв. Дараа нь биетүүд физикийн хуулийг зөрчих, эсвэл дүр зураг огцом солигдох зэрэг үйл явдлыг виртуал орчинд харах бүрдээ бодит байдлаа шалгахыг хүсжээ.

Оролцогчид гэртээ харьсны дараа өглөө бүр зүүдний тэмдэглэл хөтөлж, хэдэн зүүд санаснаа, тэдгээрийн хэдэд нь зүүдэлж байгаагаа ухамсарласнаа асуулгад бичжээ.
Бясалгал, виртуал орчны дадлага хийсэн бүлэг зөвхөн бодит байдлаа шалгасан бүлгийнхнээс 4 дахин олон удаа зүүдээ ухамсарлажээ. Харин бодит амьдралтай төстэй виртуал орчинд дадлага хийсэн бүлгийнхэн үндсэн бүлгээс 8 гаруй дахин бага удаа зүүдээ ухамсарласан. Иймээс үр дүн зөвхөн виртуал орчин ашигласных биш гэж судлаачид үзжээ.
Зүүд шиг виртуал орчинд ийм богино хугацаанд дадлага хийгээд чадварт суралцсан нь гайхшруулсан гэж судалгааны хамтран зохиогч, мэдрэл судлаач Никола Де Пизапиа хэлэв. Түүний баг оролцогчдод хэт ачаалал өгөхгүйн тулд туршилтыг 1 сар явуулжээ.
Хамтран зохиогч Андреа Синьореллигийн үзэж буйгаар виртуал орчин үр дүнд голлон нөлөөлсөн байж магадгүй. Зүүд тухайн мөчид бодит мэт санагдаж, мэдрэхүйг хуурдаг бол виртуал технологи хараа, сонсголыг мөн адил хуурч чаддаг гэж тэр тайлбарлав.
Туршилтын дараа зүүд шиг виртуал орчинд дадлага хийсэн бүлэг зүүдээ хамгийн олон удаа ухамсарласан ч нийт санасан зүүдний тоо нь хамгийн цөөн байв.
Судалгаанд 38 хүн оролцсон нь цөөн түүвэр юм. Мөн хяналтын 2 бүлгийн аль нь ч бясалгаагүй тул бясалгал уу, зүүд шиг виртуал орчин уу гэдгийн аль нь илүү нөлөөлснийг тогтоох боломжгүй. Баг үүнийг тодруулахын тулд бясалгалгүйгээр дараагийн судалгаагаа явуулж байна.
Эх сурвалж: Live Science



