Хиймэл оюунд мэдээллээ цуглуулахыг хориглох шинэ стандартыг технологийн компаниуд дэмжив

Хиймэл оюун ухаан

“OpenAI”, Гүүгл, Майкрософт, Антропик компаниуд хиймэл оюуны сургалтад зориулж цахим хуудасны мэдээллийг цуглуулахыг хориглох шинэ стандартыг нэвтрүүлэхээ мэдэгдэв. Ингэснээр контент нийтлэгчид компани бүрд тус тусад нь тохиргоо хийхийн оронд нэг дор сонголтоо илэрхийлэх боломжтой болно.

Шинэ стандартыг Антропикийн стандарт хариуцсан техникийн ахлагч Кевин Келли интернэтийн инженерчлэлийн ажлын хэсгийн хүрээнд санал болгожээ. Нэгдсэн дохиог цахим хуудасны “robots.txt” файлд байрлуулах юм.

Зөөврийн компьютер дээр ажиллаж буй хүн

Уг файлыг хайлтын системд индексжүүлэх, архивлах, хиймэл оюуныг сургах зэрэг зорилгоор мэдээлэл цуглуулдаг программуудаас алинд нь сайтад хандах зөвшөөрөл олгохыг заахад ашигласаар иржээ. Харин одоогоор сайтууд хиймэл оюуны компани бүрд сонголтоо тусад нь мэдэгдэх шаардлагатай байдаг.

Контент нийтлэгчид цахим хуудсаас нь мэдээлэл цуглуулж, хиймэл оюуны загварт оруулдаг программ олширч буйтай тэмцсээр байна. Зарим компани, байгууллага зөвшөөрөлгүй мэдээлэл цуглуулахаас сэргийлэх арга хэмжээ авчээ.

“OpenAI”, Гүүгл, Майкрософт, Антропик нэгдсэн дохиотой таарвал мэдээлэл цуглуулах программуудынхаа тухайн сайтад хандах хандалтыг хязгаарлана гэж мэдэгдэв. Мета шинэ тохиргоог дэмжиж буйгаа илэрхийлсэн ч дагаж мөрдөх эсэхээ хэлээгүй байна.

Зөөврийн компьютер дээр ажиллаж буй хүн

Мета компанийн харилцаа холбооны албаны дарга Энди Стоун “Ийм сонголтыг олон үйлчилгээ үзүүлэгчид нэг дор дамжуулах нэгдсэн дохио бий болгох нь чухал алхам гэж бид үзэж байна” гэж хэлжээ. Мөн стандартыг салбар даяар хэрэгжүүлэхээр бусад компанитай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.

“Майкрософт хиймэл оюуны сургалтад мэдээллээ ашиглуулахгүй байх, эсвэл худал мэдээлэл зохиомлоор үүсгэхийг багасгахын тулд загварыг баталгаатай эх сурвалжид хандуулахад ашиглуулахгүй байх сонголтыг тус тусад нь санал болгоно. Ямар сонголт хийснээс үл хамааран сайтууд Бингийн хайлтын үр дүнд харагдана” гэж Майкрософт мэдэгдэв.

Гүүгл өмнө нь хайлтын үр дүнд харагдах байдалд нөлөөлөхгүйгээр контентоо хиймэл оюуны хайлтын функц, сургалтад ашиглах эсэхийг хянах ижил төстэй тохиргоо нэвтрүүлжээ.

Антропик шинэ дохиог аль хэдийн нэвтрүүлсэн бол Гүүгл, Майкрософт ирэх жил дэмжихээр төлөвлөж байна. Харин “OpenAI” ойрын саруудад хэрэгжүүлнэ гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Verge

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.