Дуучин Селин Дион Францын нийслэл Парисын аялан тоглолтуудаараа 125 сая долларын орлого олж дээд амжилт тогтоожээ

Дуучин Селин Дион Францын нийслэл Парисын аялан тоглолтуудаараа 125 сая долларын орлого олж дээд амжилт тогтоожээ

Дуучин Селин Дион Францын нийслэл Парист нэг тайзнаа цувралаар хийж буй аялан тоглолтынхоо эхний үе шатыг өндөр амжилттай дуусгажээ. Тэрээр 9, 10 дугаар сард хийсэн 16 тоглолтоороо 125.5 сая долларын орлого олж, 539 мянган тасалбар борлуулсан байна.

Биллбордын боксскорын мэдээлснээр, дуучны эргэн ирэлтийг тэмдэглэсэн уг тоглолтууд Парисын Пленитюд аренад болсон юм. Тус цэнгэлдэхийг өмнө нь Ла Дефанс арена гэж нэрлэдэг байв.

Тоглолтын тайз, цугласан үзэгчид

Селин Дион 2019 оны 9 дүгээр сард дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, 100 сая гаруй долларын орлого олоод 2020 оны 3 дугаар сард цар тахлын улмаас завсарлажээ. Улмаар дуучин бүсгүй хөшүүн хүний хам шинжтэй гэж оношлогдсон тул 2023 онд аялан тоглолтынхоо үлдсэн хэсгийг цуцалж байсан юм.

Селин Дион өмнө нь Лас Вегаст нэг тайзнаа аялан тоглолт хийж байсан туршлагатай. Түүний 2003-2007, 2011-2019 онд хийсэн хоёр аялан тоглолт Боксскорын түүхэнд нэг тайзнаа хийсэн аялан тоглолтуудаас нийт орлогоороо эхний хоёр байрт ордог.

Тухайн үед эхний 714 аялан тоглолтоос 385.1 сая доллар, дараагийнхаас 427 тоглолтоос 296.2 сая долларын орлого олжээ.

Тоглолтын тайз, цугласан үзэгчид

Парисын аялан тоглолт нийт орлогоороо эхний 10-т хараахан багтаагүй ч тоглолт бүрээс дунджаар 7.8 сая доллар олсон нь дээд амжилт болов. Энэ нь Лас Вегаст хийсэн хоёр аялан тоглолтын нэг тоглолтын орлогоос тус бүр 10 гаруй дахин их бөгөөд өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан “U2” хамтлагийн нэг тоглолтын 6.1 сая долларыг давжээ.

Боксскор нэг газар 10 буюу түүнээс олон удаа хийсэн тоглолтыг аялан тоглолтод тооцдог. Харин томоохон аялан тоглолтын хүрээнд нэг тайзнаа хэд хэдэн удаа тоглосныг үүнд багтаадаггүй.

Парисын тоглолтуудыг нэг удаад дунджаар 33,700 хүн үзсэн нь Боксскорын бүртгэл дэх дараагийн өндөр үзүүлэлтээс бараг хоёр дахин их байв. Дуучин Билли Жоэлийн цуврал тоглолтын нэг удаагийн борлуулалт дунджаар 18,600 тасалбар байжээ.

Селин Дион 1990 оны 12 дугаар сард Монреальд тоглосноос хойш бүртгэгдсэн 1,517 тоглолтоороо 1.3 тэрбум долларын орлого олж, 9.8 сая тасалбар борлуулжээ. Нийт орлого, үзэгчдийн тоо, тоглолтын тоо тус бүрийн талаас илүүг нэг тайзнаа хийсэн 3 цуврал аялан тоглолт нь бүрдүүлдэг.

Тэрээр ирэх жил Парист эргэн ирж, 5 дугаар сарын 8-наас 29-ний хооронд 10 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ үеэр 10 сая дахь тасалбараа борлуулах төлөвтэй байна.

Эх сурвалж: Billboard

Энэ мэдээнд өгөх таны хариулт?

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг ашиглахгүй байхад анхаарна уу. Энэ тохиолдолд бид сэтгэгдлийг устгах эрхтэй бөгөөд мэдээний сэтгэгдэлд Ontslog.mn хариуцлага хүлээхгүй.