Оройн хоолны дараа багахан алхах нь зүгээр ч нэг эрүүл мэндэд тустай зүйл биш аж. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэлтгүй ямар ч хоолны дараа алхах дадал нь хоол боловсруулалтыг дэмжих хамгийн үр дүнтэй, энгийн аргуудын нэг гэж эмч Жюли Куанье тайлбарлажээ.
Түүний хэлснээр алхах нь зэрэгцээ хоёр механизмд нөлөөлнө. Эхнийх нь гэдэсний агшилт, хөдөлгөөн юм. “Биеийн удаан хөдөлгөөн нь ходоод, гэдэсний агшилтыг механикаар өдөөж, хоол боловсруулалтыг нэмэгдүүлснээр ходоод хоосрох хугацааг түргэсгэж, исэлтийн хугацааг богиносгодог. Ингэснээр хий үүсэлт, гэдэс дүүрэх нь багасна” гэж Жюли Куанье эмч ярьжээ.

Хоёр дахь нь цусан дахь сахарын түвшин. “Хоол идмэгцээ алхахад булчин ажиллаж, цусанд байгаа глюкозын нэг хэсгийг инсулин хүлээлгүй шууд шингээдэг” гэж Куанье эмч нэмж зөвлөв. Ингэснээр хоол шингэхэд ч, үдээс хойших сульдлыг багасгахад ч ашигтай.
Куаньегийн хэлснээр үр дүн гарахад удаан алхах шаардлагагүй. “10-15 минутын алхалт гэдэсний хөдөлгөөн, цусан дахь сахарын хувьд гол ашиг тусыг өгөхөд хангалттай” гэжээ. Харин хүнд хоолны даруй дараа хүчтэй бэлтгэл хийх нь тохиромжгүй. Учир нь ходоодод хоол боловсруулахад хэрэгтэй байсан цусыг булчин руу хэт их шилжүүлдэг.
Хоолны дараа бүтэн цаг хүлээж байж хөдөлгөөн хийх ёстой гэх ойлголт түгээмэл ч үнэн бишийг тэр тодотгов. Куаньегийн хэлснээр ийм анхааруулга нь голчлон хүчтэй дасгал, усанд сэлэлтэд хамаардаг бөгөөд зөөлөн алхалт үүнд багтахгүй. Хоол идэж дууссанаас хойш эхний 15 минутын дотор хөнгөн алхааг эхлүүлж болно. Яг энэ үед цусан дахь сахарын түвшинд үзүүлэх нөлөө хамгийн хүчтэй илэрдэг байна.

Гэвч хоолны дараах алхалтыг зөв хийх хэмнэл чухал юм. Хэт хурдан биш, удаан, тайван алхалт хоолны дараа хамгийн зохимжтой. Ийм алхалт нь хоол боловсруулалтыг хариуцдаг парасимпатик мэдрэлийн тогтолцоог өдөөж, биеийг стрессэд оруулахгүй. Илүү хурдан алхалт цусан дахь сахарт үргэлжлэн сайн нөлөөтэй ч “амьсгаадаж, бэлтгэл хийж байгаа мэт санагдвал энэ нь хоолны дараах алхалт биш, дасгал болж хувирна. Ингэснээр хоол боловсруулалт хүссэнээр дэмжигдэхгүй, бүр эсрэгээрээ хүндрүүлэх эрсдэлтэй аж.
Эх сурвалж: Vogue




