Жимс, ногооны хальс, иш зэрэг ихэвчлэн хаядаг хэсгийг идэх нь эрүүл мэндэд тустай эслэг авах боломжийг нэмэгдүүлнэ гэж Их Британийн судлаачид зөвлөжээ. Тэд тарвасны хальс, ханборгоцойн гол, хулууны үрийг ч хүнсэнд хэрэглэхийг санал болгож байна.
Албан ёсны тоо баримтаар насанд хүрэгчдийн ердөө 4% нь өдөрт хэрэглэхийг зөвлөдөг 30 гр эслэгээ авч байна. Эслэг хоол боловсруулалтад тустай, цатгалан мэдрэмжийг удаан хадгалахаас гадна зүрхний өвчин, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулахтай холбоотой.

Хальс, ишинд эслэг ихээр агуулагддаг
Жимс, ногооны хальс ихэвчлэн зөөлөн эдээсээ илүү эслэгтэй байдаг. Тухайлбал, кивиг хальстай нь идвэл хальсалж идсэнээс 50% илүү эслэг авна.
Лондонгийн Кингс коллежийн эрдэмтэд хүрэн манжин, амтат чинжүү, брокколи, гонзгой хулуу, цэцэгт байцаа, киви, ханборгоцой, тарвас зэрэг 12 төрлийн түүхий хүнсийг шинжилжээ. Ихэвчлэн хаядаг олон хэсэг нь хүмүүсийн иддэг хэсгээс илүү эслэгтэй байв.
Тарвасны хальс 100 гр тутамд 2.10 гр эслэгтэй байсан нь нэг зүсэм бүхэл үрийн талхтай ойролцоо хэмжээ юм. Гонзгой хулууны хальс, үр 100 гр тутамд 9.25 гр эслэг агуулж байв.

Ханборгоцойн хальс, гол нь зөөлөн эдээсээ 5 дахин их эслэгтэй байжээ. Харин брокколины иш нь цэцэгт хэсгээсээ арай бага боловч эслэг агуулдаг байна.
Судалгааны багийн ахлагч, доктор Рэйчел Гибсон хүмүүс их хэмжээний эслэг хаяж байгааг үр дүн харууллаа гэв. “Энэ нь зөвхөн шим тэжээлийн алдагдал биш, бас санхүүгийн гарз юм. Та мөнгө төлж авсан зүйлийнхээ үлэмж хэсгийг хаяж байна” гэж тэр хэлжээ.
Гадилын хальстай карри
Коллежийн цайны газар гадилын хальстай карри зэрэг хоолыг ажилтан, оюутнууддаа туршин санал болгожээ. Судлаачид гэртээ кивиг хальстай нь идэх, брокколины ишийг хуургандаа, амтат чинжүүний үрийг хоолондоо нэмэхийг зөвлөж байна.
Болгосноор эслэгийн агууламж өөрчлөгдөж болох ч ихэвчлэн бүрэн устдаггүй. Жигнэх, богино долгионы зууханд болгох эсвэл түргэн хуурах нь шим тэжээлийг хамгийн сайн хадгалах хандлагатай.
Доктор Гибсон “Энэ нь хүмүүст амтгүй хоол хүчээр идүүлэх тухай биш. Харин хаяж сурсан хэсгүүдийнхээ шим тэжээлийн үнэ цэнийг ойлгох тухай юм” гэжээ.
Цайны газрын 9 долоо хоногийн туршилтын үеэр хальс, иш зэргийг ашигласан хоол өдөр тутмын халуун хоолны борлуулалтын гуравны нэгийг эзэлжээ. Гэвч шинэ хоол сонгосон хүмүүс ердийн цэснээс сонгосон хүмүүсийг бодвол хоолоо дуусгаж идэх нь цөөн байв.
Британийн хоол зүйчдийн холбооны мэргэжилтэн Кирстен Жексон жимс, ногоог сайтар угаавал эдгээр зөвлөгөө тустай гэв. Тэр ханборгоцойн голыг жимсний ундаанд хийж, буталж болох ч хатуу хальсыг нь идэхийг зөвлөхгүй гэжээ.
Харин брокколины ишийг жижиглэн хөлдөөж, дараа нь шөл, хуургандаа хийж болно. Гэдэс дүүрэхээс сэргийлж эслэгийн хэрэглээг аажмаар нэмэхийг Жексон зөвлөв. Цочромтгой гэдэсний хам шинжтэй хүмүүс эслэг хэрэглэхэд илүү зовуурилж болзошгүйг тэр анхааруулжээ.
Британийн хоол тэжээлийн сангийн мэдээлснээр ногоорсон төмс, гишүүний навч хортой нэгдэл агуулдаг тул огт хэрэглэж болохгүй. Мөн хатуу иш, үр нь бага насны хүүхдэд тохиромжгүй байж болзошгүй.
Эх сурвалж: BBC



